//2020 онд Apple компани хэрэглэгчдэдээ ямар бэлэг барих вэ?

2020 онд Apple компани хэрэглэгчдэдээ ямар бэлэг барих вэ?

Apple компани шинэ онд ямар сонин, содон бүтээл, сайжруулалтаар хэрэглэгч, фэнүүддээ бэлэг барих вэ гэдэг асуулт он солигдсоны дараахан үргэлж гарч ирж, интернет ертөнцөөр шуугьдаг. Тэгвэл 2020 онд Apple үндсэн бүтээгдэхүүн iPhone болон Apple Watch, iPad зэрэгт ямар өөрчлөлт, шинэчлэлт хийхээр төлөвлөж байгааг шинжээчдийн таамгаас үндэслэн хүргэж байна.

iPhone SE2

2020 оны эхний хагаст багтаж, iPhone 11, 11 Pro, Pro Max-ийн зэрэгцээ боломжийн үнэ бүхий шинэ iPhone танилцуулахаар зэхэж байна. Шинэ загварын нэр нь iPhone SE 2 байна гэсэн таамаг байгаа ба ихэнх зүйлээрээ iPhone 8-тай адил байх аж. Эсвэл iPhone 9 ч гэсэн нэртэй байж магадгүй, учир нь 2017 онд 9 гэдэг тоог алгасан шууд iPhone X загвар гарч байсан.

Дэлгэцийн хэмжээ 4,7 инч, хурууны хээ мэдрэгчтэй учраас iPhone 8-тай харьцуулахад арай зузаавтар байна. Үзүүлэлтийн хувьд А13 чиптэй буюу үндсэн iPhone брэндтэй адил чиптэй байна.

Үнийн хувьд боломжийн байлгахын тулд дан линзтэй арын камер, 3GB RAM-тай мөнгөлөг, улаан, саарал өнгөтэй. Одооны таамгаар бол уг загварын үнэ 399 доллараас эхэлнэ.

iPhone 12

Уламжлал ёсоор Apple 2020 оны намар шинэ iPhone загвараа танилцуулна. Урьдчилсан таамгаар 5,4 болон 6,1; 6,7 инчийн 3 төрлийн дэлгэцтэй утас гаргахаар байгаа нь сүүлийн жилүүдэд тогтмол гаргаж байгаа 5,8; 6,1 болон 6,5 инчийн дэлгэцүүдээс ялгарч байна.

Ингээд мэргэжлийн түвшний 6,1 инч болон 6,7 инчийн шинэ загвар, мөн энгийн хэрэглээний 5,4 болон 6,1 инчийн 4 янзын шинэ загвар танилцуулах төлөвтэй байна.

Шинэ загварууд бүгд OLED дэлгэцтэй байх ба энэ нь Apple энгийн хэрэглээний загвартаа LCD ашигладгаа больж байгаа хэрэг юм. Мөн нэг загвар нь iPhone 4 загварын адил метал хүрээтэй байна гэсэн таамаг байна.

Шинэ TrueDepth камерын систем, мөн мэргэжлийн түвшний загваруудад шинэ 3D гуравласан арын камер байх ба уг камерын систем нь зургийн гүний мэдээллийг лазер ашиглан тооцох тул илүү сайжруулсан фото зураг, AR систем ашиглах боломжийг бүрдүүлнэ.

2020 оны шинэ iPhone бүр 5G технологийн дэмжинэ гэсэн хүлээлт байгаа бөгөөд энэ нь 4G сүлжээнээс ч хурдан гэсэн үг. АНУ төдийгүй дэлхий дахинд 5G технологийг дэлгэрүүлэхэд багагүй хугацаа хэрэгтэй ч энэ бүхний эхлэл нь 2020 онд тавигдах төлөвтэй байна.

Apple Watch Series 6

Жил бүр iPhone шинэ загвар гарахтай зэрэгцэн Apple Watch ч бас шинэчлэгддэг. Энэ жил бид Apple Watch Series 6-г хүлээж байна.

Одоогийн таамгаар шинэ Apple Watch 6 илүү хурдтай, усны хамгаалалт сайн, WiFi хурд илүү, шингэн кристал полимер материал бүхий дэлгэцтэй болох аж.

Гэхдээ 2020 оны гол онцлох давуу тал нь нойр хэмжигч бөгөөд үүгээр таны нойрсох хугацаа, нойрны чанар зэрэг зүйлсийг хэмжиж, эрүүл мэндэд тань хэрэгцээт мэдээлэл, зөвлөгөөг өгнө гэж Apple-аас онцолж байна.

Шинэчлэн сайжруулсан iPad Pro загварууд

2019 оны хувьд iPad Pro загварт ширхэг ч шинэчлэлт нэмэгдээгүй учраас 2020 оны эхний хагаст багтаж ямар нэг шинэ зүйл дуулгах сурагтай байна.

Apple-аас онцолсноор Face ID, Test Of Flight камерын систем шинэчлэгдсэнээр 3D моделийн зураг авч дараа нь Apple Pencil ашиглан засварлах боломжтой болох ажээ.

ToF буюу Time Of Flight камерын систем нь обьект хоорондын зайг гэрэл тусах хурдаар хэмжиж 3D зураг авах боломжийг бүрдүүлдэг. Тухайлбал орчин тойрны дүрслэлийг 3 хэмжээстээр авч, виртуал обьектийг илүү чанартай буулгах боломжтой болно.

Мөн Apple-ийн шинжээч Мин Чи Куо-гийн дурссанаар 12,9 инчийн мини LED дэлгэц бүхий iPad Pro загварыг оны сүүлээр танилцуулах төлөвлөгөөтэй гэсэн боловч оны эхээр ч байж магад гэсэн таамаглал хэрэглэгчдийн дунд байна.

Мини LED гэрэл нь дэлгэцийн чанарыг алдагдуулалгүйгээр илүү нимгэн, хөнгөн болгох ба өнгийн ялгарал, баялаг байдал, контраст ч улам сайжирна уу гэхээс дордохгүй байх төлөвтэй байна.

Бусад iPad

2020 онд 10,2 инчийн 7-р үеийн iPad болон 10,5 инчийн iPad Air тэргүүтэй бусад iPad-ууд ч шинэчлэгдэн  хэрэглэгчдэд хүрнэ. Гэхдээ тодорхой мэдээлэл одоогоор дэлгэгдээгүй байна.

By | 2020-01-20T09:45:12+00:00 2020/01/20|Apple news|

Нийтлэсэн:

2020-apple-iphone-center-mongolia