/, Watch/Apple Watch – таны эрүүл мэндийг хянах төв болно

Apple Watch – таны эрүүл мэндийг хянах төв болно

Саяхан болж өнгөрсөн World Developers Conference буюу Дэлхийн Хөгжүүлэгчдийн Бага хурал-аар Apple ирэх намар олон сонин содон шинэ боломжууд WatchOS-д нэмэгдэхийг танилцуулсан. Тэдгээрээс хамгийн онцлууштай нь эрүүл мэндийг хянагч аппликэйшнүүд байлаа.

Ирэх намар худалдаанд гарах шинэ загварын Apple Watch таны хөдөлгөөний идэвхтэй, идэвхгүй байдлыг ажиглаж, хэт хүчтэй дуу авианд сонсголын эрхтнээ хамгаалахад тань тусалж, мөн сарын тэмдгийн мөчлөгийг ч тэмдэглэж өгнө. Өнгөц харахад эдгээр нь та бидний амьдралд тийм ч хэрэгтэй зүйлс биш шиг санагдаж мэднэ. Гэхдээ шинэ нэмэлтүүд нь Apple Watch дахь одоогийн эрүүл мэндийн аппликэйшн, функциудыг ахисан түвшинд аваачиж, таны эрүүл мэндийг мэргэжлийн түвшинд хянаж, сануулга, мэдээлэл өгөх бяцхан туслагч болгох юм. Бугуйнаасаа элдэв зөвлөгөө авах ч яахав. Харин таны эрүүл мэндийн тогтвортой байдлын төлөө байнга “санаа тавих” хяналтын хэрэгсэлтэй байна гэдэг хэрэгтэй зүйл биш гэж үү? Apple үүнийг л ирээдүй гээд байна.

Өнөөдрийн байдлаар Apple Watch нь хамгийн шилдэг эрүүл мэндийг хянагч, фитнесс цагийн нэг. Гэхдээ үргэлж ийм байсангүй. 2015 онд Apple хүн, гар утас хоорондын “вампирлаг” донтолтыг арай багасгахад тус болох хэрэгсэл болох ухаалаг бугуйн цагийг танилцуулсан. Эрүүл мэнд, фитнессийн аппликэйшний талаар харин дараа, дараачийн загваруудад бодож эхэлсэн. Эхний загварууд газарзүйн байршил тогтоогчгүй байсан тул тамирчид, гүйгчдийн сонирхлыг татсангүй. Усанд унагахад өсгөгч, микрофон нь эвдэрч байсан тул усанд сэлэгчдэд таатай биш. Зүрхний хэмнэл хэмжигч нь минутанд хэдхэн удаа л таны судасны цохилтыг хэмжиж, чадал багатай батарей нь таныг унтаж байхад дата цуглуулахын оронд шөнөжин тэжээлийн залгуурт уяатай байхгүй бол цэнэггүй болчихдог байсан. Харин энэ үед Garmin, Fitbit зэрэг компаниуд эдгээр функциудтай ухаалаг бугуйн цаг, бугуйвч гаргачихсан байсан тул эрүүл мэнддээ анхаардаг хүмүүс хэдийнэ тэдний үнэнч хэрэглэгч болчихсон байв.

Харин түүнээс хойших 4 жилийн  хугацаанд Apple ихэнх сул талуудаа нөхөж, бүр ч гайхалтайг бүтээж чадсан. /Зөвхөн батарей л энгийн  хэрэглээнд ихдээ 18 цаг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа./ Мөн бусад ухаалаг цагуудаас ялгарах зүйлсийг ч нэмснээс хамгийн сонирхолтой нь electrocardiogram буюу зүрхний цахилгаан бичлэг хийгч бөгөөд бугуйн дээрээс хийсэн бичлэгийг шууд ашиглах боломжтойг эмч, мэргэжилтнүүд сайшааж байгаа юм.

Одоо Apple Watch нь Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүкийн WWDC дээр тодорхойлсноор “Таны эрүүл мэндийн ухаалаг хамгаалагч” болсон гэхэд хилсдэхгүй болжээ.

Garmin, FitBit зэрэг бусад ухаалаг цаг, бугуйвч үйлдвэрлэгчдээс давуу талтай нь Apple бүх хэрэгцээт функциудээ бараг бүгдийг нь цөөн загварууддаа бүгдэнд нь багтаасан. Харин өрсөлдөгчид нь 5-10 загварт заримд нь байгаа, заримд нь байхгүйгээр хуваарилж борлуулсаар байна.

Сарын тэмдгийн мөчлөгөө хянахыг хүсэгчдэд Fitbit хамгийн сайн сонголт, фитнесийн дасгал хөдөлгөөн, үр дүнгээ удаан хугацаанд хянахыг хүсэгчдэд Garmin тун дажгүй. Тэгвэл энэ жилийн намар худалдаанд гарах шинэ Apple Watch-д энэ хоёр боломж хоёулаа агуулагдах тул шийдвэр гаргахад улам л бэрх болох нь.

Энэ бол Apple-ийн өрсөлдөгчийнхөө хоолыг булаадаг арга нь: нэг удаад нэг хазам. Хувийн эрүүл мэнд гэдэг нь үгийнхээ утгын адилаар хүн бүрд ялгаатай утга илэрхийлнэ. Ихэнх хүнд таарах, хамгийн үр дүнтэй төхөөрөмжийг худалдан авах магадлал илүү олон. Аль болох олон боломжийг нэг төхөөрөмжид багтааснаар Apple бүх хэрэглэгчид хүрэхийг зорьж байна.

Apple Watch-д шинээр нэмэгдэх чимээ чагнагч функц гэхэд таны сонсгол хэт нөлөөлөх чанга дуу авиатай орчинд танд сэрэмжлүүлэг илгээх болно. Энэ танд тийм ч чухал биш санагдаж болох ч үнэндээ орчны хэт чанга дуу чимээнээс сонсгол муудах тохиолдол зөвхөн АНУ-д гэхэд хэдэн арван сая хүнд тохиолддог байна.

Сүүлийн жилүүдэд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас дэлхийн өнцөг булан бүрээс мэргэжилтнүүдийг урин, цуглуулж, орчны чимээ, шуугианаас үүдэлтэй сонсгол муудах үзэгдлийн талаар хурал, зөвлөгөөн хийжээ. Энэ хуралд жил бүр Apple компаниас мэргэжилтнүүд ирж оролцож байсныг тус байгууллагын мэргэжилтэн Кардиус онцолсон байна.

“Тэд энэ сэдвийн талаарх сүүлийн үеийн судалгааны ажил, энэ талаар ямар байгууллагууд анхаарал тавьж ажиллаж байгаа талаар сонирхож, асууж байсан. Өөр салбараас ингэж сайн дураар оролцсон байгууллага байгаагүй.” гэж тэрээр мөн нэмж хэлжээ.

Түүнчлэн Apple-ын инженерүүд эрүүл мэндтэй холбоотой бусад хурал, уулзалтууд идэвхтэй оролцсоор байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Жишээлбэл, чихрийн шижин өвчтэй хүмүүст зориулан глюкоз хэмжигч бүтээхээр ажиллаж байгаа тухайгаа Apple хэд хэд дурдсан. Мөн “үнэр танигч” системийн патент авахаар өргөдөл өгсөн байгаа нь Apple тун удахгүй агаарын бохирдол, найрлага илрүүлэгч систем нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагийн нэг илрэл гэж болно.

Гэхдээ эдгээр нь Apple-ын стратегийн ердөө нэг хэсэг нь. Хэрэглэгчдэд тэдний эрүүл мэндийн байдлыг хэмжих хэрэгсэл өгөөд хангалтгүй, тэдгээрийг боловсруулах, ашиглах зүйл ч бас хэрэгтэй. Тиймээс энэ төрлийн аппликэйшнүүд ч удахгүй бүтээгдэх төлөвтэй байна. Apple Watch тун удахгүй iPhone-ы шаардлагагүйгээр AppStore-оос аппликэйшн татаж суулган, хэрэглэгчийнхээ эрүүл мэндийн талаар дата цуглуулж, үр ашигтай ашиглахад туслах гайхалтай нэгэн төхөөрөмж болж, Тим Күүкийн мөрөөдөл биелэх цаг ойртож байна.

By | 2019-06-18T13:41:02+00:00 2019/06/18|Apple news, Watch|

Нийтлэсэн:

apple-watch-iphone-center-mongolia