/, Watch/Энэ намар Apple Watch-д нэмэгдэх томоохон шинэчлэлтүүд

Энэ намар Apple Watch-д нэмэгдэх томоохон шинэчлэлтүүд

Шинээр нэмэгдэх сайжруулалтуудын ачаар Apple Watch нь iPhone-оос бараг хамааралгүй болж, дагалдах хэрэгсэл биш тусдаа бие даасан төхөөрөмж болох төлөвтэй байна.

Өнгөрөгч долоо хоногт болж өнгөрсөн WWDC 2019 Дэлхийн Дизайнерүүдийн Бага хурлаар Apple компани Apple Watch-ууддаа зориулсан шинэ үйлдлийн систем болох watchOS 6-г танилцуулсан. Энд танилцуулснаар шинээр гарах бугуйн цагуудад өмнө нь байдаггүй байсан функциуд болох App Store, Calculator, Voice Memo болон бусад эрүүл мэндийн аппликэйшнүүд нэмэгдэх юм.

Шинэ үйлдлийн систем ирэх намар нийтэд хүрэх бөгөөд одоогоор огноо нь тодорхойгүй байна.

Ингээд ирэх намар хэрэглэгчдэд хүрэхээр төлөвлөгдөж буй Apple Watch-ын шинэ боломжуудтай танилцъя.

Шинэ боломжууд нэмэгдэхтэй зэрэгцээд үйлдлийн систем ч бас шинэчлэгдэж, WatchOS 6 нэртэйгээр танилцуулагдана.

Дэлгэцний нүүр дизайн илүү олон сонголттой буюу ядаж Андройд ухаалаг цагтай өрсөлдөхүйц олон болно.

Цаг агаар, сүлжээний чанар зэрэг илүү олон мэдээллийг супер минимал энгийн дизайнаар харуулна.

Цаг тутамд дохио өгөх “taptic chime” функц. Дуу чимээ өгөх эсвэл чичирхийлэх зэргээр та өөрийн тааллаар мэдээлэх хэлбэрийг сонгох боломжтой.

watchOS 6 дахь хамгийн онцлууштай нэг функц бол App Store юм. Өмнө нь та цагандаа аппликэйшн татахын тулд заавал iPhone ашигладаг байсан бол цаашид тэгэх шаардлагагүй.

Мөн AppStore дээрээ шууд хайлт хийж, сонгосон аппликэйшнээ татаж, суулгах боломжтой.

Аудио ном буюу сонсдог ном сонсох боломж бүрдэнэ. Та цаг эсвэл бусад Apple төхөөрөмж хоорондоо дуртай подкаст, хөгжмөө хуваалцаж, хуулж сонсож болно.

Calculator буюу Тооны машин, Voice Memo буюу Дуут тэмдэглэл гэсэн 2 аппликэйшн. Ресторанд хийх тооцоогоо шууд бугуйн дээрээ хийж, тэмдэглэхийг хүссэн зүйлээ хэлээд л тэмдэглэх боломжтой болно гэсэн үг.

Apple Watch өмнө нь Siri дэмждэг байсан. Гэхдээ энэ удаагийн шинэчлэлтээр Дуут туслахтай болно. Shazam, Siri хослол ашиглан та сонсож байгаа дууныхаа нэрийг хэлээд л интернетээс хайж болно.

Шинэ үйлдлийн системд Эрүүл мэнд болон Фитнесс аппликэйшний боломжууд улам сайжирна. Activity Tracker функц илүү нарийн фитнесс хэмжүүртэй болж, таны хөдөлгөөний идэвхтэй байдлыг сар, жилийн хугацаанд ч алдалгүй тэмдэглэнэ.

Дуу чимээ хэмжигч функц. Хэрэв таны ойр орчин дахь чимээ, шуугиан тархи мэдрэл, чихний сонсголд хортой хэмжээнд хүрвэл бугуйн цаг тань танд мэдээлж, дохио өгнө. Гэхдээ орчны чимээг тасралтгүй “чагнахгүй”, харин өдрийн турш хэсэг, хэсэг мөчийг сонсох тул бичлэг болж үлдэхгүй.

Эрүүл мэндийн аппликэйшн тодорхой мөчлөгийг андахгүй тэмдэглэдэг болно. Жишээлбэл, сарын тэмдэг эхлэх хугацааг тооцож, үр тогтох боломжит үеийг мэдээлнэ.

By | 2019-06-11T10:56:16+00:00 2019/06/11|iPhone, iOS мэдээлэл, Watch|

Нийтлэсэн:

apple-watch-iphone-center-mongolia