/, Зөвлөгөө/Apple-н Health аппликэйшний бяцхан гарын авлага

Apple-н Health аппликэйшний бяцхан гарын авлага

Шинэ iPhone-д суучихсан ирдэг Health app 2014 онд анх нэвтэрснээс эхлээд хэрэглэгчид хэд хэдэн ялгаатай эх сурвалжаас эрүүл мэнд, биеийн байдлын дата мэдээллээ харж, хянахад тун хялбар болсон.

Health app яаж ажилладаг вэ?

Энэхүү аппликэйшнийг гол нь дата мэдээллээ цэгцтэй байлгахыг хүсэгчдэд зориулсан. Өөрөөр хэлбэл Health апп таны утсандаа суулгасан гүйлт, алхалт, нойр, хоол, сэтгэлзүйн эрүүл мэнд хянах төрөл бүрийн аппликэйшнүүд дэх мэдээллийг нэг цэгт төвлөрүүлэн танд мэдээлнэ.

Health аппликэйшн дараах 4 гол чиглэлээр ажилладаг: хөдөлгөөн, сэтгэлзүй, нойр, шим тэжээл. Та Health апп-аа нэг зөв тохируулсан байхад эрүүл мэндийн холбоотой элдэв зорилт, дасгал, сорилт төлөвлөх, гүйцэтгэлээ хянахад илүү хялбар боллоо гэсэн үг.

Activity – Хөдөлгөөн

Хамгийн чухал хэсэг болох Activity товчийг нээхэд таны өдөр тутмын хөдөлгөөн болон бүтэн жилийн нийт мэдээлэл гэсэн 2 хэсэг харагдана.

iPhone-ы accelerometer буюу хурдасгал хэмжигч нь таны алхалт, туулсан зам зэргийг хэмжих тул та утсаа биедээ байнга авч явдаг бол таны хөдөлгөөний мэдээлэл бичигдэнэ. Тиймээс та алхалт, туулсан замаа хэмжихийн тулд заавал тусдаа бугуйвч, цаг авах шаардлагагүй юм.

Гэхдээ та Apple Watch-тай бол /манай дэлгүүр Apple Watch Series 3, 4 аль аль нь байгаа/ хэр хугацаанд хөдөлгөөнгүй байсан, хэр их калори шатаасан, идэвхтэй хөдөлгөөн хийсэн зэрэг илүү нарийвчлалтай мэдээллийг авах боломжтой.

Мөн гүйсэн, дугуй унасан, сэлсэн, цасны спортоор хичээллэсэн хугацаа, туулсан зайны мэдээллийг Apple Watch-ын Workout аппликэйшн өндөр түвшинд хадгалж, мэдээлнэ.

Танд Apple Watch байхгүй бол Fitbit, Garmin зэрэг Хөдөлгөөн хэмжигч аппликэйшнүүдийг суулган ашиглаарай. Хэрэв Apple Watch болон эдгээр хөдөлгөөн хэмжигч аль аль нь байхгүй бол App Store-оос гуравдагч аппликэйшнүүдийг татаж ашиглах боломжтой. Жишээлбэл, Nike+, Strava, Pocket Yoga, MyFitness, Gymaholic зэрэг аппликэйшнүүд таны хөдөлгөөнийг хэмжсэн датагаа Health аппликэйшнд шууд илгээдэг.

Food and Nutrition – Хоол, хүнс ба шим тэжээл

Хэчнээн хэрэгтэй ч гэсэн ам руугаа зүглүүлсэн, идсэн бүхнээ аппликэйшнд тэмдэглэх нь тийм ч хялбар зүйл биш. Тэр тусмаа кальц, төмөр зэрэг зарим шим тэжээлийг хэмжих гэж байгаа бол бүр ч цаг зарцуулна бас төвөгтэй.

Health аппликэйшнд та идсэн бүхнээ тэмдэглэх боломжтой. Гэхдээ та үр дүнг гаргахыг хүсвэл ходоод руугаа оруулсан бүхнийг хичээнгүйлэн гараараа тэмдэглэх хэрэгтэй.

MyfitnessPal, Lifesum зэрэг гуравдагч аппликэйшнүүд таны тэмдэглэсэн  хоол хүнсний шим тэжээлийн мэдээлэл, задаргааны датаг Health аппликэйшнд шууд хуваалцдаг.

Weight loss – Жин хасах

Жингээ хасах, хянах зорилгоор олон хүн хоол, шим тэжээлийн мэдээллээ хянах гэж оролддог. Та жингээ хасахаар шийдсэн бол Health аппликэйшн тусалж чадна.

Аппликэйшнээ нээгээд Health Data – Body Measurements гэж нэвтэрнэ. Дээд талд харагдах шар хэсэг дээр дарж, Weight гэж сонгоод мэдээллээ оруулна.

Бусад аппликэйшнээс хуулж оруулсан болон гараараа нэмж оруулсан бүх мэдээллээ өнөөдөр, 7 хоног, сар, жилээр нь харж, хянаарай.

Биеийн бүтэц болон бусад хэмжүүр

Health аппликэйшн жингээс гадна хэд хэдэн зүйлийг хянаж, мэдээлдэг. Өндөр, бие дэх өөхний эзлэх хувь, биеийн массын индекс, бүсэлхийн тойрог гэх мэт мэдээллээ оруулж, өөрчлөлтийг хянаарай. Эдгээр нь биеийн жингээс ч чухал хэрэгцээтэй мэдээлэл юм.

Жишээ нь, та булчинлаг биетэй болохыг хүсэж байгаа бол жингээс илүү биеийн бүрэлдэхүүндээ анхаарах хэрэгтэй. Харин эрүүл биетэй болохыг зорьсон бол бүсэлхийн тойрогтоо илүү анхаараарай.

Fit Journey бол жингээс гадна биеийн бусад хэмжүүрийг тэмдэглэх боломжтой шилдэг аппликэйшний нэг юм.

Нойр

Стресс, таргалалт, анхаарал сарнилт, хоолны муу дэглэмийн эсрэг хамгийн хялбар эм бол нойр юм. Та яаж ч хичээж, дасгал хийж, дэглэм бариад хүссэн жиндээ хүрэхгүй байгаа бол тогтмол хэдэн цаг нойр авдгаа тооцож үзээрэй.

Үүнийг шалгах хамгийн хялбар арга бол Health аппликэйшнтэй хоршин ажилладаг iPhone дахь Clock аппликэйшний Bedtime функц юм. Bedtime-аа тохируулсан байхад танд хэзээ унтах, хэзээ сэрэх цаг болсныг тогтмол мэдээлнэ.

Сэрэх цагийг заах сэрүүлгийг та хуурах боломжгүй. Хэвтсэний дараа утсандаа хүрэх бүрд тань мэдээллийг бичиж, сэрэх цагт тань өөрчлөлт орно гэсэн үг.

Таны нойрыг мэргэжлийн түвшинд маш сайн нарийвчлалтай хэмждэг Sleep Cycle гэж гайхалтай аппликэйшн бий. Энэхүү аппликэйшн таны нойрны чанарыг судалж, хүнд, хөнгөн нойрсолт үе шатуудыг тооцоолж, хамгийн сэргэг буюу хөнгөн нойрсолтын үед сэрүүлэг дуугаргаж, таныг сэрээх болно.

Сануулахад, Health аппликэйшн зарим аппликэйшнүүдээс зөвхөн орондоо байсан хугацаа, сэрсэн цаг, шөнө сэрсэн цагуудыг хүлээж авдаг. Тиймээс Health аппликэйшнтэй бүрэн хамтарч ажилладаггүй аппликэйшн суулгаж, ашиглабал бүх датагаа харахын тулд Health аппликэйшн болон гуравдагч аппликэйшнээ давхар шалгах хэрэгтэй гэсэн үг юм.

Стресс болон сэтгэлзүйн эрүүл мэнд

Apple-д сэтгэлзүй, бясалгалтай холбоотой аппликэйшн цөөн байсаар ирсэн. Тиймээс та Apple Watch-гүй бол ялангуяа энэ төрлийн үйлчилгээг гуравдагч аппликэйшн суулган авах боломжтой.

Гол санал болгох аппликэйшн бол Breathe, таныг зөв амьсгалахад тусална. Та өдөрт хэдэн удаа амьсгалын дасгал хийхээ сануулаарай. Жишээлбэл, таны ажил стресс ихтэй бол 9:00-18:00 цагийн хооронд 5 удаа амьсгал дасгал хийхээр тохируулбал зүгээр.

Бас нэг сонирхолтой функц нь өдөр бүр танд сэтгэл санаа тайвшруулах, урам зориг өгөх үгсийг илгээж, харуулна.

Гэсэн ч танд Breathe апп таалагдахгүй байвал Health аппликэйшний Mindfulness цэс рүү орж үзээрэй. Энд хоршин ажиллах боломжтой аппликэйшнүүдийн жагсаалтыг харуулна.

 

 

Эмчилгээний бэлэн байдал

Алхаа, стрессийн түвшнээ хэмжих гайхалтай ч эрүүл мэндийн байдлаа хянана гэдэг хамгийн чухал. Магадгүй Health аппликэйшний хамгийн гол давуу тал нь эрүүл мэндийн байдлаа хянах боломж юм.

Эрүүл мэндийн мэдээллээ оруулах

Та эрүүл мэндийн мэдээллээ авах боломжтой бол тэр бүгдийг Health апп-даа хуулах боломжтой. Apple 2018 онд танилцуулсан iOS 11.3 хувилбартаа энэ боломжийг нэвтрүүлсэн.

Одоогоор 100 гаруй эмнэлэг уг функцийг дэмждэг. Таны үзүүлсэн эмнэлэг тэдгээрийн нэг бол та дархлаа, эмчилгээ, цусны даралт, харшил, шинжилгээ зэрэг эрүүл мэндтэй холбоотой бүхий л мэдээллээ гар утсандаа цаг тухай нь шууд харах бүрэн боломжтой гэсэн үг.

 Medical ID тохируулах

“in Case of Emergency” буюу “Ослын тохиолдолд” гэсэн картыг санаж байна уу? Health апп дахь таны Medical ID бол энэхүү картны дижитал хувилбар бөгөөд осол аваар, биеийн байдал хүнд тохиолдолд хэрэг болно.

Жишээлбэл, таныг бэртэж, гэмтсэн, өвдсөн үед эмч эсвэл танд туслах гэсэн хэн бүхэн таны утасны Health аппликэйшнээс Medical ID-г тань олж, эрүүл мэндийн тань талаар хэрэгцээтэй мэдээллийг шуурхай авах боломжтой. Үүний тулд таны утасны түгжээг тайлах шаардлагагүй, зөвхөн Emergency гэж дараад Medical ID-г сонгоход хангалттай. Гэхдээ таны хувийн мэдээлэлтэй холбоотойгоор энэ функцийг анхнаасаа идэвхжүүлээгүй байдаг тул та идэвхжүүлэх хэрэгтэй.

Нас, хүйс, өндөр, жингээс эхлээд өвчин, харшил, онцгой тохиолдолд холбогдох этгээдийн дугаар зэргийг оруулах боломжтой.

Medical ID тохируулах алхам:

  • Health аппликэйшнээ нээгээд Medical ID гэж дарна.
  • Edit хэсэгт өөрийн хэн болохыг iPhone Contacts-аасаа зааж өгнө.
  • Холбоо барих этгээдийн дугаар, цусны бүлэг, харшил зэрэг хэрэгцээт бүхий л мэдээллээ оруулна.
  • “Show when locked” гэснийг асааснаар танд туслах гэсэн хүмүүс таны Medical ID мэдээллийг утасны түгжээг тайлалгүйгээр харах боломжтой болно.

Амь нас аврах чухал функц тул iPhone хэрэглэгч хэн бүхэн Medical ID-гаа тохируулаарай.

Health датагаа ашиглах

Хэрэгцээт бүхий л мэдээллээ тэмдэглэх, харах нэг өөр хэрэг. Гол нь тэдгээрийг үр дүнтэй судалж, ашиглахгүй бол ямар хэрэг байх билээ? Тиймээс тэдгээр мэдээллээ ашиглаж, эрүүл мэндийн зорилгодоо хүрээрэй.

Нэг категориос эхэл

Дасгал хийх, дэглэм барих, нойр сайн авах гээд хийх зүйл олон л байна. Гэхдээ бүх өөрчлөлтийг нэг зэрэг хийхэд хэцүү, ер нь боломжгүй гэхэд болно. Түүний оронд аажмаар, бага багаар тэгээд тогтвортой эхлэх хэрэгтэй. Нэг шинэ эрүүл дадал цаашид олон гайхалтай дадалд хөтлөх болно.

Эмч, эрүүл мэндийн мэргэжилтэнтэй ярилц

Цуглуулсан датагаа хэрхэн яаж ашиглахаа сайн мэдэхгүй бол эмч, эмнэлзүйн мэргэжилтнээс зөвлөгөө ав.

Health аппликэйшнээсээ хэрэгцээт мэдээллээ гаргаж авсан ч болно. Үүний тулд Today хэсгийн профайл руу ороод Export Health Data – Export гэж дарна. Мэдээллээ Google Drive, имэйл гээд хүссэн газартаа хуулах боломжтой.

Хэрэгтэйгээ ашигла

Танд бүх мэдээлэл хэрэгтэй биш бол Health аппликэйшн дотроос хайж байснаас хамгийн хэрэгтэйгээ тэмдэглээд авч болно. Зөвхөн хэрэгтэй гэсэн мэдээллээ цуглуулах цэсээ сонгож, шууд нүдэнд ил болгоорой. Үүний тулд Add to favorites гэж сонгоход хангалттай.

By | 2019-05-06T13:02:54+00:00 2019/05/06|iPhone App, Зөвлөгөө|

Нийтлэсэн:

apple-health-iphone-center-mongolia