/, Зөвлөгөө/Тийм ч хэрэгтэй биш эдгээр аппликэйшнүүдийг устга… Америкчууд өдөрт 5 аппликэйшн л ашиглаж байна.

Тийм ч хэрэгтэй биш эдгээр аппликэйшнүүдийг устга… Америкчууд өдөрт 5 аппликэйшн л ашиглаж байна.

Хором бүрд шинээр төрөн гарч буй гар утасны аппликэйшнүүд дундаас ялгарч, хэрэглэгчдийн анхаарлыг татах нь одоо цагт улам л самбаа шаардах зүйл болжээ. Гэхдээ яг ямар учраас хэрэглэгчид аппликэйшнүүдээ устгалгүй, идэвхтэй ашигласаар байна вэ?

Гар утасны хэрэгцээ жилээс жилд эрчимтэй өсөж байгаа ч нийт хэрэглэгчдийн 75 орчим хувь нь өдөрт 10-аас бага тооны аппликэйшн хэрэглэдгийг судалгаа харуулж байна.

Тодруулбал ихэнх хэрэглэгч өдөрт дунджаар 5 аппликэйшнийг л утсан дээрээ хэрэглэдэг ч бараг хэрэглэдэггүй эсвэл бүр сөхөж ч хардаггүй мөртлөө дунджаар 25-50 аппликэйшнийг устгалгүй зай эзлүүлэн байлгасаар байдаг аж.

Нью-Йоркт байрлах байршил сайжруулах платформ Connecthings-ээс явуулсан “Гар утасны аппликэйшний хэрэглээний төлөв” сэдэвт судалгаагаар мобайл аппликэйшн үйлдвэрлэгчдэд тус болох хэд хэдэн хэрэгцээтэй трендийг илрүүлсэн юм.

Судалгаанд АНУ-ын 1034 гар утас хэрэглэгчдийг хамруулж, 2018 оны сүүлийн 3 улиралд явуулжээ. Тэднээс талаас илүү хувь нь буюу 56% нь шинэ технологийг сонирхогч, хурдан сурагч гэж тодорхойлсон ба тэдгээрээс 37% нь эрчүүд харин 17% нь эмэгтэйчүүд байжээ.

Харин тал хувь нь гар утсан дээрээ 25-аас бага тооны аппликэйшн суулгасан бол дөнгөж 4% нь 100 гаруй аппликэйшнтэй гэжээ.

Гэвч тэдний ихэнх нь хэчнээн аппликэйшн суулгаснаас үл хамааран өдөр тутамдаа цөөн тооны аппликэйшн хэрэглэдэг байна. Жишээлбэл, 84% буюу 4/5 нь өдөрт ихдээ л 10 аппликэйшн ашигладаг байна.

Сонирхолтой нь, Z үеийнхэн буюу 1990-ээд оны дундаас хойших үеийнхний гар утасны аппликэйшн ашиглах зан төлөв онцгой ялгаатай байв. Тэдний 42% нь өдөр тутамдаа 5-аас бага аппликэйшн хэрэглэдэг бол, 14% нь 20 гаруй аппликэйшн хэрэглэж байгаа нь бусад үеийнхнийг харьцуулснаас ч их байгаа юм.

Эрчүүд цэгцтэй утсанд дуртай байдаг. Тэдний 69% нь сардаа ядаж нэг удаа гар утасныхаа бүх аппликэйшнийг цэгцэлж, хэрэггүй аппликэйшнүүдээ устгаж, хэрэгтэй гэснүүдээ төрөлжүүлэн хавтаст ангилдаг. 5 эрэгтэй тутмын 2 нь долоо хоногт нэг удаа бүх аппликэйшнээ цэгцэлдэг бол энэ үзүүлэлт эмэгтэйчүүдийн хувьд 10 эмэгтэй тутмын 3 байгаа юм.

Үнэндээ гар утсанд ирдэг сонордуулга мессежүүд зорилтот үүргээ гүйцэтгэж чаддаггүй. Судалгаанд хамрагсдын 58% нь нийт ирсэн сонордуулгуудын 25%-ийг л нээж үздэг гэжээ. Харин 10% нь л нийт сонордуулгуудын 75%-ийг нээж үздэг гэсэн байна.

Харин цаг уурын мэдээ ирэхэд нийт хэрэглэгчдийн 38% нь нээж үздэг буюу хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. 1960-аад оныхон болон орон нутгийн хэрэглэгчид бүр ч илүү буюу 45%-52% нээж үздэг байна.

Мөн сонордуулга мессежүүдийн ихэнх нь онц хэрэгцээгүй мэдээллийг хүргэдэг гэсэн шүүмжлэлийг нийт хэрэглэгчдийн 40% нь онцолжээ. Үүнд 1960-аад оныхон буюу Baby Boomers үеийнхний хамгийн их буюу 47% байжээ. Хэрэглэгчид аль болох зөвхөн өөрсдийнх нь тав тух, сонирхолд нийцсэн мэдээлэл авахыг хүсэж, төвөгтэй сонордуулга мессежээс тээршаах болсон байна.

Тиймээс одоо цагт хэрэглэгчийн зан төлөв, хэрэглээг шуурхай таньж мэдэн, түүнд зохицох горимд шилжиж чаддаг аппликэйшнүүд илүү эрэлттэй болно гэсэн үг юм

Аппликэйшн хөгжүүлэгчдийн хувьд хэрэглэгчдийн сонирхлыг татахын тулд хэрэглэгчээ сайтар ойлгож, мэдэрдэг аппликэйшнийг бүтээх хэрэгтэй болж байна.

By | 2019-04-18T18:36:02+00:00 2019/04/20|iPhone App, Зөвлөгөө|

Нийтлэсэн:

5-iphone-center-mongolia