/, Зөвлөгөө/Удаад байгаа iPhone-ы хурдыг нэмэх 7 арга

Удаад байгаа iPhone-ы хурдыг нэмэх 7 арга

Бид бүгд л ажил, амьдралын дотно туслах iPhone утсаа завгүй амьдралын хэмнэлд маань хөл нийлүүлж байгаасай гэж хүсдэг. Гэвч насжилт болон хэрэглээний буруу дадлаас болж, iPhone тэр бүр хурдтай ажиллаж чадалгүй, гацаж бидний стресс бухимдалд улам асуудал нэмдэг.

Таны iPhone үзүүлэлт дээр бичсэн шигээ гайхам хурдтай ажиллахгүй байгаа шалтгаан санаснаас ч олон бий. Гэтэл бидний зарим нь шалтгааныг тодруулалгүй хэт хуумгай дүгнэн, “элэгдэл” гэж дүгнэдэг. “Элэгдэл” гэдэг нь процессор, модем, агуулах систем он цагийн уртад элэгдэж, хэвийн ажиллагаа муудсаныг хэлдэг. Харин та утсаа аваад хэдхэн жил болж байгаа бол ийм элэгдэлд орно гэж байхгүй, таны утас шинээрээ гэсэн үг. Гэхдээ утас гацах, удаан ажиллаж байгааг засах арга тийм ч хэцүү биш, тэр ч байтугай Settings дотроосоо ч шийдэх боломжтой байдаг.

Ингээд удаан, гацдаг iPhone-ы асуудлыг дараах хялбар аргуудаар шийдэцгээе.

  1. Push notification буюу шууд харагдах зурвасуудаа хязгаарла

Push notification бидэнд фэйсбүүк, инстаграм, подкаст апп-даа шинээр юу нэмэгдсэнийг тухай бүрд нь мэдэх боломжийг олгодог гайхалтай үйлчилгээ. Өөрөөр хэлбэл бид сошиал ертөнцдөө юу болж байгааг заавал мэйлээ ухах, фэйсбүүк, инстаграмдаа нэвтрэлгүйгээр шуурхай мэдэх боломжтой.

Гэвч, та iPhone дээрх бүх аппликэйшнийхээ Push notification-ийг идэвхжүүлсэн бол гацаж, удаашрах шалтгаануудын нэг болдог байна. Тиймээс дараах алхмын дагуу зөвхөн хэрэгцээтэй аппликэйшнүүддээ сонгож, тохируулаарай.

  1. Settings
  2. Notifications
  3. Тэгээд аппликэйшнээ сонгоод Off товчийг дарж, утасныхаа ачаалал, цэнэгийг хэмнээрэй. 
  1. Сүүлд гарсан үйлдлийн системийг суулгасан уу?

Та хуучны үйлдлийн систем ашигласан хэвээр байгаа бол iPhone-ы тань ажиллагаа дээд хурдаараа биш байх нь ойлгомжтой. Шинэ хувилбарууд цэнэг хэмнэх горим тэргүүтэй утасны ажиллагааг илүү хурдтай болгох нэмэлт сайжруулалтуудыг агуулдаг тул үйлдлийн систем шинэчлэгдэх бүрд татаж суулгах нь зүйтэйг санаарай. Дараах алхмын дагуу шинэ гарсан update-ийг суулгаж, үйлдлийн системээ шинэчлээрэй.

  1. Settings
  2. General
  3. Software Update
  1. Утасныхаа багтаамжийг цэгцэл

Та олон аппликэйшн ашиглаж, зураг, видео бичлэг, мессежүүдээ зуу зуугаар нь утсан дээрээ хадгалсаар л байдаг хэрнээ 16GB багтаамжтай iPhone-той бол зайгаа султгах бүхий л боломжуудыг ашиглаарай. Тэр тусмаа “Багтаамж дүүрлээ.” гэсэн сануулах зурвас байн байн таны бухимдуулж, сандаргадаг бол тэр хэрээр таны iPhone бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй, хурд нь буурсан байгаа гэсэн үг.

Тэгвэл ийм түгшүүрт мессеж ирэхээс урьтаж, хамгийн энгийнээр Settings – General – iPhone Storage гэж нэвтрээд ашигладаггүй аппликэйшн, давхардсан зураг, хуучин мессежүүдээ устгаад үзээрэй. Мөн багтаамжаа султгах бусад аргуудыг туршаарай.

  1. Хайлтын түүх, cookie-гээ цэвэрлэ

Cookie бол таны төхөөрөмжид хадгалагдаж байдаг бяцхан өгөгдөл бүхий түр зуурын интернет файлууд. Хэрэв цэвэрлэлгүй, удаан хадгалж, цуглуулбал таны компьютер, утас, төхөөрөмжийн ажиллагаанд нөлөөлж, хурдыг удаашруулдаг. Үүнтэй адил зураг, өргөтгөл гээд бусад интернет файлууд ч устгаж, цэгцлэхгүй бол овоорч, новшрон ачаалал үүсгэсээр байдаг.

Safari вэб хөтчийнхөө хайлтын түүх, cookie зэргийг дараах алхмын дагуу цэвэрлээрэй.

  1. Settings
  2. Safari
  3. Clear History and Website Data гэж сонгоно.
  1. Background App Refresh функцийг унтраасан уу?

Нээлттэй орхисон мөртлөө яг одоо ашиглаагүй байгаа аппликэйшнүүдийг автоматаар сэргээн, дахин ачаалсаар байх үүрэгтэй функц бол Background App Refresh.

Хэчнээн аппликэйшн нээлттэй байгаагаас хамааран энэ ч мөн таны iPhone гацах, хүссэн хурдаар тань ажиллахгүй байхад нөлөөлнө.

Дараах алхмын дагуу Background App Refresh функцийг унтраагаарай.

  1. Settings
  2. General
  3. Background App Refresh гэсэн чагтыг унтраах.
  1. Батарейгаа солиод үз

iPhone-ы батарей бүр тодорхой тооны удаа бүтэн цэнэглэгдэх хязгаартай байдаг. Тоо нь гүйцэж, батарей муудахад iPhone-ы ажиллах хурд ч эрс муудах болно. Тэр тусмаа та цэнэгээ гамнахдаа хайргүй ханддаг нэгэн бол яах аргагүй шинэ батарей худалдаж авах хэрэгтэй болж.

Дараах алхмын дагуу батарейгаа солих хэрэгтэй болсон үгүйг шалгаарай.

  1. Settings
  2. Battery
  3. Battery Health
  4. Энд танд батарейн дээд хүчин чадлын хэмжээ харагдана. Мөн сүүлийн 7 хоногт эсвэл 24 цагт цэнэг хамгийн их авч буй аппликэйшнүүдийг хувиар нь харах боломжтой.
  5. Хэрвээ танд шинэ батарей авах гарцаагүй хэрэгцээ гарсан бол Apple компанийн Батарей солих хөтөлбөрт хамрагдаж, 29 доллараар шинэ батарейтэй болоорой.

Зөвлөмж: Battery Usage гэсний доор байрлах аппликэйшн дээр дарж, тухайн аппликэйшн идэвхтэй болон идэвхгүй байдлаар хэчнээн хугацаанд ачаалсныг харах боломжтой. 

  1. Системээ дахин шинээр ачаал

Энэ жагсаалт дахь хамгийн “мэдээжийн” зөвлөгөө байж мэдэх ч restore буюу системээ шинээр дахин ачаалахад iOS үйлдлийн системийг дахин суулгах хэрэгтэй болдог. Гэхдээ restore хийхийн өмнө утсан дээрх мэдээллээ backup буюу хадгалж авахаа мартуузай. Дараах алхмын дагуу backup хийсэн эсэхээ шалгана.

  1. Settings
  2. iCloud
  3. iCloud Backup. Энд хамгийн сүүлд backup хийсэн огноо харагдана.
  4. Backup Now дээр дарж, яг одоох файлуудаа iCloud руугаа хуулах боломжтой.

Ямар ч тохиолдолд системээ дахин  шинээр ачаалсны дараа зарим асуудлууд шийдэгдэж, утасны хурд ч сайжирдаг.

By | 2019-02-15T15:52:53+00:00 2019/02/15|Uncategorized, Зөвлөгөө|

Нийтлэсэн:

iphone-7-iphone-center-mongolia