/, Uncategorized, Watch/Apple Watch: 2019 онд заавал ашиглаж үзэх 10 ШИЛДЭГ аппликэйшн

Apple Watch: 2019 онд заавал ашиглаж үзэх 10 ШИЛДЭГ аппликэйшн

Apple Watch анх зах зээлд танилцуулагдах үед эхэндээ содон, загварлаг гэдгээрээ л сонирхол татаж байснаас хэрэглэхэд тийм ч ойлгомжтой биш, тийм ч хэрэглээд байхаар гойд бүтээгдэхүүн байсангүй. Харин цаганд зориулсан тусгай үйлдлийн систем болох WatchOS-ыг хөгжүүлснээр Apple Watch өөртөө олон гайхалтай зүйлийг агуулдаг “шидэт” хэрэгсэл болсоор байна. Мөн App Store дээр ч гэсэн зөвхөн Apple Watch-д зориулсан төрөл бүрийн аппликэйшнүүд өдөр бүр нэмэгдэж байна. Тэгвэл 2019 онд заавал хэрэглэж үзэх 10 шилдэг аппликэйшнийг танд танилцуулж байна.

  • Apple Pay
  • Uber
  • Yelp
  • XE Currency
  • Evernote
  • Strava
  • Citymapper
  • Shazam
  • GoPro
  • Heartwatch

Яагаад заавал турших хэрэгтэй гэж?

Apple Watch мэндэлсэн мөчөөс эхлэн хөгжүүлэгчид хэрхэн таны бугуйнд хамгийн тохиромжтой, хэрэгцээтэй апп бүтээх вэ хэмээн тархиа гашилгаж, үр дүнд нь сонин, содон, гайхмаар бүтээлүүд бий болсоор байна. Одоо хөгжим, кино тоглуулахаас эхлээд зүг чиг баримжаалах, ухаалаг хэрэгсэл удирдах хүртэл олон боломжууд нэмэгдэж, та утсаа халааснаасаа гаргаж ирэлгүйгээр зарим энгийн үйлдлүүдийг төвөггүй хийх боломжтой болсон. Мэдээж бүгд төгс биш л дээ. Өрсөлдөөний явцад олон аппликэйшн шинээр төрөн гарч, мөн түүнээс ч олон нь мартагдаж, устсаар байна. Жишээлбэл, Google Maps, Amazon, Trip Advisor зэргийг дурдаж болох юм.

Apple Pay

Apple Pay бол үнэндээ аппликэйшн биш ч гэсэн хэрэглэхэд тун хялбар, хэрэгтэй эд учраас онцлохгүй өнгөрөхөд хайран юм. Ямар ч этгээд рүү маш хялбар аргаар мөнгөн шилжүүлэг, гүйлгээ хийх боломжийг олгодгоороо Apple Pay хэрэглэгчдийн талархлыг хүлээдэг.

Apple Watch-ынхаа бөөрөн дэх товч дээр 2 удаа товшоод төлбөр хүлээн авагч системд уншуулахад хангалттай. Үүнд гарын үсгээр баталгаажуулах, ПИН код оруулах шаардлагагүй тул бэлэн мөнгөөр эсвэл карт ашиглан тооцоо хийх хугацааг 2 дахин хэмнэдэг.

Uber

Apple компани Uber аппликэйшнийг дэмжсэнээр хөлсний тэрэг буюу такси дуудахад улам л хялбар болсоор байна. Одоохондоо ухаалаг утасны энэ төрлийн аппликэйшнүүдийг бүрэн орлохгүй байгаа ч хэрэглэгчид Uber-ийн цэвэр, цэгцтэй үзэмж, хэрэглэхэд хялбар шийдэлд тун таатай байгаа.

Та Apple Watch-ийнхаа дижитал баадууг эргүүлж, таны байршилд хамгийн ойр яваа таксинуудыг ирэх боломжтой хугацааны хамт харж болно. Мөн таны дуудсан такси ирснийг мэдээлнэ.

Yelp

Та арааны шүлс асгаруулам амтат пицца, нойр сэргээж, эрч хүч өгөх кофе эсвэл зүгээр л болзоонд тохиромжтой аятайхан суух газар хайж байгаа бол Apple Watch-даа суулгасан Yelp аппликэйшнээ ашиглаж, яг хүссэнээ эрж олоорой.

Энэ үйлчилгээг компьютер, гар утсаар авдаг байсан бол одоо бугуйнаасаа ч авах боломжтой болжээ. Yelp аппликэйшн зоогийн газар, зочид буудал, кофе шоп болон бусад чөлөөт цагаа өнгөрүүлэх бүх төрлийн газруудын үнэ, байршил, үнэлгээ, зай, цагийн хуваарийн мэдээллийг маш сайн нарийвчлалтайгаар танд хүргэнэ.

XE Currency

Гадагшаа тогтмол явдаг аялагчдад XE Currency тун хэрэгтэй аппликэйшн. Уг аппликэйшн iPhone дээрх аппликэйшнтэйгээ уялдаатай ажиллаж,  үнэт цаасны ханшийн мэдээллийг танд хамгийн сүүлийн байдлаар өгнө. Та хэрэгцээт дүнгээ оруулаад л тухайн зорчих орныхоо үнэт цаасны мэдээллийг авах болно. Ялангуяа та хилийн чанадад хэр их мөнгө зараад байгаагаа барагцаалж чадахгүй байгаа бол заавал ашиглаад үзээрэй.

Evernote

Evernote бол компьютер, гар утас, таблет дээрх хамгийн хэрэгцээтэй аппликэйшнүүдийн нэг. Харин одоо  Apple Watch дээр ч түүнийг ашиглах боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл та бугуйн дээрээ ярьж, бичиж тэмдэглэн, санамж, сэрүүлэг тавьж, хийх зүйлсийн жагсаалт хөтлөхөд тун хялбар болж. Хэдий ухаалаг цаг дээрх хамгийн гайхалтай аппликэйшнүүдийн нэг биш ч хэрэгтэй үед таны урмыг хэзээ ч хугалахгүй гэдэгт итгэж болно.

Strava

Гүйлтийн алдартай платформ бас аппликэйшн болох Strava мөн Apple Watch-д зориулсан  хувилбартай болжээ. Энэ мэдээ ялангуяа гүйхдээ гар утас халааслахаас тээршаадаг хүмүүст маш сайхан мэдээ юм.

Та өөрийн дасгал, хөдөлгөөн, гүйлтийн үзүүлэлт, мэдээллээ одоо бугуйн дээрээ ганц товшоод л тэмдэглэж, архив үүсгээрэй. Хурд, хэмнэл, хугацаа, туулсан зай гэх мэт мэдээллийг өндөр нарийвчлалтайгаар тэмдэглэх ба дэлгэц дээр удаан даран спорт хооронд түргэн шилжих боломжтой. Дасгал хийж дууссаны дараа танд нийт үр дүнг мэдээлж, мэдээллийг Strava платформд оруулснаар та найзуудтайгаа хуваалцах боломжтой.

Citymapper

Хэрэв та Citymapper дэмждэг хотуудын нэгд амьдардаг бол энэ алдартай аппликэйшний талаар сонссон л байж таараа.

Citymapper амьдарч буй хотын тань эргэн тойрны зам, чиглэлийн мэдээллийг дэлгэрэнгүй өгөх ба А цэгээс Б цэгт хамгийн хурднаар очих дөт замыг санал болгоно. Мөн галт тэрэгний аль чингэлэгт суувал буухад төвөггүй, хурдан байх вэ гэх мэт хэрэгтэй бяцхан зөвлөмжүүдийг ч өгдөг.

Хөгжүүлэгч компаниас бугуйн цагт зориулсан хувилбарыг гар утасны хувилбараас илүү амжилттай байна гэдэгт найдлага тавьж байгаа юм. Учир нь аяллын үеэр цэнэгээ хэмнэхийн тулд дэлгэцээ унтраах явдал гар утас  хэрэглэгчидтэй харьцуулахад Apple Watch хэрэглэгчдэд харьцангуй бага байна гэж тооцоолж байна.

Shazam

Ямар ч хөгжмийг танигч шидтэн Shazam аппликэйшнийг бугуйнаасаа мөн ашигладаг боллоо. Гар утсан дээрх хувилбарынхаа бүх функцийг багтаасан тул дуу, хөгжим, ая таньж, шүлгийг нь олж, бас шинэ соргог дуу, хөгжмийг танд санал болгох болно. Хайсан дуунуудаа эргэн харж, видео клип үзэж мөн iTunes-ээрээ дуу, хөгжим худалдаж авах ч боломжтой. Компаний зүгээс бугуйнд зориулсан хувилбарынхаа талаар задлаагүй хэд хэдэн гэнэтийн бэлгүүд байгаа, одоохондоо нууцалж байгаа гэдгээ илэрхийлээд байгаа юм.

GoPro

Хэрэв та GoPro-гийн мэргэжлийн түвшний Action камертай бол түүний iOS дэх хувилбарыг сайн мэддэг байх нь. Гэхдээ та Apple Watch-д зориулсан хувилбар гарсныг нь хараахан мэдээгүй байж болох юм.  Энэ хувилбарыг ашигласнаар та камераа алсаас удирдаж, видео болон фото горим хооронд хялбар шилжих боломжтой. Мөн Hilight tag ашиглаж, зурагнуудаа засварлахад илүү хялбар болгоорой.

Heartwatch

Энэ жагсаалтанд бичигдсэн аппликэйшнүүд бүгд хүний амь аварч чадахгүй ч сүүл мушгиж буй HeartWatch аппликэйшн харин энэ зорилгыг биелүүлэхээр хөгжүүлэгдсэн. Уг аппликэйшн Apple Watch-ийн зүрхний хэмнэл мэдрэгчийг ашиглан таны эрүүл мэндийн талаар мэдээлэл цуглуулж, анализ хийн, сүрьеэ, цусны бөглөрөл зэрэг зарим өвчний шинж тэмдгийг эрт илрүүлэн урьдчилан сэргийлэхэд тань тусалж чадна.

Мөн таны зүрхний ажиллагааны үзүүлэлтийг сэрүүн, нойрсож буй, эрчимтэй дасгал хөдөлгөөний үеэр гэх мэт нарийвчлан гаргаж, зүрхний элдэв эмгэг илэрбэл урьдчилан мэдэгдэж, эмчид үзүүлэхийг сануулах болно.

By | 2019-01-29T09:21:48+00:00 2019/01/29|iPhone App, Uncategorized, Watch|

Нийтлэсэн:

apple-watch-2019-10-iphone-center-mongolia