//ӨДӨРТ НЭГ ҮГ ЦЭЭЖЛЭХ АПП: ҮГИЙН САНГАА ТЭЛ

ӨДӨРТ НЭГ ҮГ ЦЭЭЖЛЭХ АПП: ҮГИЙН САНГАА ТЭЛ

 

Зузаан толь бичиг цүнхлэн гэр сургууль хооронд зөөн, үг цээжлэх гэж хэдэн цагаар суудаг цаг одоо ард өнгөрсөн гэхэд болно. Эргээд бодоход чамгүй хүнд хөдөлмөр байж. Харин орчин цагт тэр зузаан номнуудаас дутахааргүй баялаг сан бүхий цахим толь бичгийг гар утсандаа суулгаад л өдөр бүр шинэ үг, хэллэг цээжлэх нь илүү хялбар болсон. Ялангуяа яг одоо танд танилцуулах гэж буй The Daily Word гэх гайхмаар хялбар аппликэйшнийг ашигласнаар та өдөр бүр шинэ үг,  хэллэгийг бүхий л утга санаа, зөв дуудлага, жишээ өгүүлбэрүүдтэй нь хамтад нь сурах боломжтой. Яаж вэ гэдэгтэй одоо танилцацгаая.

The Daily Word (Үнэгүй)

Яаж ажилладаг вэ?

Тун хялбар дизайны шийдэлтэй  энэхүү аппликэйшнийг нээмэгц тухайн өдрийн цээжлэх үг танд харагдана. Тухайн үг дээр дараад олон салаа утга, ямар үед ашигладаг болох, жишээ өгүүлбэрүүд болон зөв дуудлагыг сонсох боломжтой. Өдөр бүр танд шинэ үг санал болгоно. Мөн тухайн үгийг сошиал сүлжээгээр эсвэл мэйл хаягаараа бусадтай хуваалцмаар байвал доор нь байрлах харгалзах товч дээр дарахад л хангалттай.

 

Бас энэ аппликэйшнд хэдэн сонирхолтой тоглоом бий. Эхний тоглоом бол Sentence Completions буюу Өгүүлбэр гүйцээх тоглоом. Тухайн хам сэдвийг хараад өгүүлбэрийн дутуу гишүүнийг зөв үгээр гүйцээх даалгавраар та мэдлэгээ сорьж болно. Мөн тухайн үгсийн ойролцоо утгат үгсийг сонгодог Synonym Search тоглоомоор ч тоглож, үгсийн сангаа шалгах бас баяжуулах боломжтой.

Яагаад гоё гээч?

Ерөнхийдөө бид яагаад iPhone-д хайртай байдаг билээ түүнтэй л адил гэж болох юм. Учир нь Daily Word аппликэйшн танд багахан боловч цэгцтэй, чанартай мэдээллийг өгөх болно. Ном, толь бичгээс шинэ үгсийг нэг дор цээжлэх гэвэл ажил төрөл, ардаа гэр бүлтэй насанд хүрэгчдэд тэр бүр хангалттай цаг олдохгүй. Харин өдөрт нэг л үгийг чанартай хэмжээнд судалж, өгүүлбэрт хэрхэн хэрэглэдэг жишээнүүдтэй нь хамт цээжилнэ гэвэл хавьгүй боломжтой. Тэр тусмаа амьдралыг олон талаас нь дүрслэх олон утгат үгсийг сурна гэдэг бүр ч хэрэгтэй, таатай байх нь мэдээж.

 

Хамгийн гол нь энэхүү аппликэйшн нь хэрэглэхэд тун хялбар шийдэл, гайхалтай минимал дизайнтай. Яг л iPhone шиг. Тухайн өдөр танд тухайн нэг үгийг бүрэн утгаар нь заах болно. Дээр нь таныг сатааруулах ямар ч зар сурталчилгаа гарахгүй. Хэрвээ та шинэ үгсийг чанартай цээжлэхийг хүсвэл The Daily Word аппликэйшнийг гар утсандаа суулгаад үгсийн сангаа баяжуулаарай.

By | 2018-11-07T10:53:43+00:00 2018/11/07|iPhone Free App|

Нийтлэсэн:

iphone-center-mongolia