/, Загвар, дизайн/iPhone XS болон 6.5-inch дэлгэцтэй XS Max загварууд танилцууллаа

iPhone XS болон 6.5-inch дэлгэцтэй XS Max загварууд танилцууллаа

Apple компани шинэ загварын iPhone утаснуудаа урд шөнө танилцууллаа. Эдгээр шинэ загваруудаас нь онцлох гол бүтээгдэхүүн нь iPhone XS болон iPhone XS Max загварууд байлаа. Харагдах байдал, загварын хувьд өмнөх iPhone X-тэй ижил хэдий ч шууд анзаарагдах хамгийн гол 2 ялгаа нь Gold өнгөний сонголт болоод XS Max загварын хэмжээ байсан юм. Энэ загвар нь одоогоор зах зээлд гарч буй хамгийн том хэмжээтэй iPhone болж байгаа бөгөөд ер нь ухаалаг утасны зах зээлд ч хамгийн томуудын нэгд орох гэнэ.

iPhone XS болон XS Max загваруудаас гадна Apple илүү хямд сонголт болгон iPhone XR загварыг мөн урд шөнө танилцуулсан. Энэхүү загварын хувьд LCD дэлгэц, XS-с том, XS Max загвараас жижиг дэлгэцтэй, iPhone 8 загвартай ижил Single Camera-тай байх юм байна.

Өмнөх S загваруудтай ижил энэ жилийн загваруудад орсон гол өөрчлөлт үзүүлэлтийн шинэчлэлт л байв. Тухайлбал, дэлгэцийн нягтрал сайжирсан, яригчийн хувьд стерео дуугаралт шинэчлэгдсэн, Face ID таних хурд нэмэгдсэн гэх мэт.  Мөн ус, тоосны хамгаалалт сайжирснаас гадна процессорын хувьд Apple-н шинэ A12 Bionic процессорыг ашигласан нь эдгээр загварыг шинэ түвшинд гаргасан хэмээн танилцуулж байна билээ.

SAMSUNG GALAXY NOTE 9-с ч том дэлгэц

Урд шөнийн танилцуулгын хамгийн ТОМ мэдээ нь “Max” загвар байсан гэхэд болно. 6.5-inch дэлгэцтэй уг загвар нь iPhone 8 Plus (5.5 inch)-с харьцангуй том тэр ч байтугай Galaxy Note 9 (6.4 inch)-с ч том гэсэн үг. Тэгэхээр Apple-н хувьд том дэлгэцтэй ухаалаг утасны хувьд бас нэгэн шинэ стандарт гаргаж ирлээ гэж хэлж болохоор.

iPhone XS болоод XS Max загварууд нь өмнөх iPhone-уудтай харьцуулахад дэлгэцийн хэмжээ нь томорсон мэт боловч бодит хэмжээний хувьд хэт том утаснууд биш гэдгийг ч онцлож байна. Өөрөөр хэлбэл iPhone XS жишээ нь 5.8-inch дэлгэцтэй ч бодит хэмжээний хувьд 5.5-inch iPhone 8 Plus загвараас ч бага. XS Max загвар хэдийгээр хэмжээний хувьд өмнөх загваруудаас эрс нэмэгдсэн ч гарт барихад өмнөх Plus загваруудаас илүү эвтэйхэн байх болно гэж танилцуулсныг энд дурьдая.

Хэмжээнээс гадна XS, XS Max загваруудын камерын систем бүрэн шинэчлэгдсэн бөгөөд хос камерын өрц, сенсорын үзүүлэлтүүд сайжирснаар гэрэл багатай орчинд зураг авах чадвар эрс нэмэгдсэн. Мөн “Smart HDR” хэмээх шинэ технологийг танилцуулсан нь нэг төгс зураг авахын тулд маш олон зураг авч тэдгээрийг нэгтгэн гаргадаг ухаалаг технологийг мөн эдгээр загварууд ашиглах болсон байна.

Шинэ загварууд багтаамжийн хувьд 64GB, 256GB, 512GB сонголттойгоор худалдаанд гарна. Урьдчилсан захиалга энэ Баасан гарагт эхлэх бол дэлгүүрүүдээр худалдаалагдах нь 9-р сарын 21-ний өдөр.

iPhone-н шинэ загваруудаа хүлээн авахад бэлтгээрэй.

By | 2018-09-26T10:04:18+00:00 2018/09/13|iPhone, iOS мэдээлэл, Загвар, дизайн|

Нийтлэсэн:

iphone-xs-6-5-inch-xs-max-iphone-center-mongolia